Миний анхны онлайн хичээл бүтсэн түүх

С.Гарамханд : "Ийм л түүхээр бүтсэн анхны онлайн, бүрэн хэмжээний хичээлдээ би их хайртай. Цаашдын олон ажлын минь бат суурь болж чадсан даа. ✍️

✈️ Одоогоос 5 жилийн өмнө хар багын мөрөөдлөө биелүүлэхээр Гуйлан улсруу /БНСУ/ аяны жолоо залж билээ. Ганзгандаа эрдэм хэмээх алтан богцыг чадахынхаа хэрээр тээх чин хүсэл минь одоо эргээд харахад талаар болоогүй санагдана.

КОЙКА-ын тэтгэлгээр олж авсан энэхүү магистрын хөтөлбөрт сурах эрхийг багагүй сорилтоор олж авч билээ. Монгол-Солонгосын Политехник Коллеж хэмээх их айлын сайхан хамт олны Буяндэлгэр Дэмбэрэл, Ulambayar Dugersuren, Choijamts Altantsetseg, Bayarmandakh Dulmaa, Battsatsral дэмжлэг энд багагүй бий. Сургуулийнхаа 10-аад багштай хамт шалгаруулалтад орж, бичиг баримт, эссэний давааг давсны дараа ярилцлаганд орж, Солонгосын их сургуулийн профессорт судалгааныхаа зорилгыг утсаар танилцуулж байлаа.

Тухайн үед Англи хэл маань “ичмээр дашиг” байсан ч бид хоёулаа хоёрдогч хэлээрээ ойлголцож байгаа тул түг, таг гэлцсээр ямартай ч би гэдэг хүн санаагаа ойлгуулж, профессор маань түүнийг өөрийн лабораторийнхоо судалгааны чиглэл зорилготой нийцэх эсэхийг тунгааж хүчирсэн юм даг.

Сүүлд харахад намайг очоод Англи хэл дээр хичээлээ ойлгоод явах чадвартай эсэхийг давхар шалгаж байсан юм билээ. Ингээд би гэдэг хүн хань, ээж аавынхаа урмын үгэнд ташуурдуулан, том нь 9 настай бага нь ой 6 сартай бүлтгэнэсэн үрсээ шүд зуун үлдээгээд, олдсон боломжоо ашиглахаар тэнэг ч гэмээр том шийдвэр гаргасан даа. Одоо бодохоор аймаар санагддаг юм.

Солонгосын Чонан хотын Korea-Tech (Солонгосын Боловсрол, Технологийн их сургууль) нэртэй, төгсөгчдийнхөө ажил эрхлэлтээр улсынхаа эхний 5-д байнга жагсдаг их сургуулийн Hi-Lab лабораторын судлаач болж, Ким Ён Сан профессорынхоо удирдлаган дор ажиллаж эхэлсэн. Эхний 1-2 сар хүүгээ санах, чинэсэн хөхөө саах, уйлах, харимаар санагдах, гэрийнхнийхээ өмнө буруутай мэт санагдах, шинэ орчин, халуун ногоотой хоол, ганцаардал гээд сэтгэл зүйтэйгээ тэмцэлдсээр, хичээлдээ нэг л төвлөрч өгсөнгүй. Бакалаврын ширээнээс босоод даруй 9 жил болсон, бас чиг оюутан, багш нарт хичээл зааж шаггүй ажлын амтыг мэдэрсэн хүн буцаад оюутан болно гэдэг нь өөрөө том шалгуур байлаа.

Аажмаар дассаар, ар гэрийнхээ мэдээг сонсч, хүүхдүүдийнхээ царайг харах тусам “Би яах гэж энд ирж, юуны төлөө бяцхан үрсээ, ханиа тэнд хайраар дутааж байгаа билээ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуусаар, аль болох номын санд цагийг өнгөрөөж, эрдэм шинжилгээний хуралд өгүүлэл бичиж, судалгааны ажлаа чанартай хийх шалтгаанаа олсон юм. Том зүйл золиослож буй чамд хариуг нь чанартай хийхээс өөр арга зам үгүй. Энэ хооронд дунд хүү минь хүнд өвдөж, суралцах дүрмээ зөрчин, хамт суралцдаг Кень, Египтийн 2 найзтайгаа хуйвалдан (тэд намайг Монгол явсан үед миний картыг хаалганууд дээр уншуулж, яг л сургуулийн хотхондоо байгаа мэтээр арыг маань даадаг байлаа) Монголдоо ирэн очин, багагүй шалгуурыг давсан даа. Нөхөр Danzanragchaa Namjil, ээж 2 маань миний төлөө өөрийгөө их л илээж билээ.

Ингээд л үндсэн зорилго болох “Цахим сургалтыг нэвтрүүлэх” тэр тусмаа бүрэн онлайн сургалтыг агуулгын хувьд ямар хэлбэрээр явуулбал суралцагчийн үр дүн сайжрах вэ? гэсэн судалгааны асуултад хариулахаар бэлтгэл ажлаа жилийн турш хийж, “Үзүүлэн файл боловсруулах арга зүй” гэсэн Уранчимэг Түдэвдагва багшийнхаа боловсруулсан агуулгыг баяжуулан, онлайн видео хичээл болгов. Харахад хялбар санагдах ч 1 минутын видео хичээл хийхэд нэлээдгүй хүчин чармайлт гардагийг энэ үед ойлгож авсан байдаг. Хичээлийнхээ дизайн, зохиомжид ангийн анд, авъяаслаг зураач Ангарагсүрэн Одхүүгийнхээ дэмжлэгийг авч билээ.

👩‍🏫Курсээ Moodle систем дээр хөгжүүлж, суралцагчид хүргэх, мэдлэг шалгах дизайнаа 2 төрлөөр (энгийн болон интерактив агуулга) төлөвлөөд энэ хичээлээ хүмүүст хүргэх, давхар харьцуулсан судалгаагаа хийхэд бэлэн боллоо. 2015 оны 1-2 сард хичээлүүдээ онлайн байршуулж, суралцагчаа бүртгэж эхлэв. Монголоосоо МБС-ын салбарын 70-аад багшийг бүртгэж, хичээлээ 2 сарын турш явуулж, өөрөө багшлан, суралцагчдаа чиглүүлж байлаа. Энэ хугацаанд зайнаас багшлах, боловсруулсан агуулгаа дүгнэх, онлайн хичээлийн дэд бүтцийг хэрхэн хийвэл үр дүнтэй байх зэрэг их л олон зүйлийг өөрийн биеэр мэдэрч билээ.

Ийм л түүхээр бүтсэн анхны онлайн, бүрэн хэмжээний хичээлдээ би их хайртай. Цаашдын олон ажлын минь бат суурь болж чадсан даа.

👩‍🏫Presentation –ий дизайныг хэрхэн гаргах, юуг анхаарах суурь ойлголтууд, багш хүн (ер нь олны өмнө илтгэх хэн бүхэн) илтгэл тавихдаа анхаарах гол гол хүчин зүйлүүдийг энэ хичээлийн видеонуудын төгсгөлд ойлгох боломжтой.

Үнэгүйгээр дараах талбараас судлаарай. Мөн сэтгэгдлээ (шүүмжлэл, санал бүгдийг хүлээж авна) үлдээхээ мартав аа.


# tend.mn/
https://www.facebook.com/tend.mn/
https://www.facebook.com/groups/tend.mn/